Хиппо 2018 оны cүүлийн шатны оролцогч - М.Нандин-Эрдэнэ
Өөрийнхөө талаар танилцуулна уу.
Сайн байна уу? Намайг Нандин-Эрдэнэ гэдэг ба одоогоор Хобби Сургуулийн 12-р ангийн сурагч билээ. Хиппо олимпиадын замнал маань 2018 онд 9-р ангидаа сургууль дээрээ эхний шатны шалгаруулалтанд оролцсноор эхэлсэн бөгөөд хэдий би медал аваагүй ч олон улсын шат руу ахин Итали руу явсан маань их сургамж болсон тул та бүхэнтэй туршлагаа хуваалцахаар болсондоо баяртай байна.
Англи хэл сурсан, суралцаж буй арга барилаасаа хуваалцана уу.
Намайг 4-р ангид байхад эцэг эх хоёр маань намайг Хобби руу шилжүүлэхээр болсон юм. Шилжсний дараа гайгүй дүнтэй суралцдаг байсан би Англи хэлдээ аль хэдийнэ сайн ангийхнаасаа хоцорч хангалтгүй дүнтэй нэг хэсэгтээ л нөхөрлснөө нуугаад яахав. Мэдээж хэдэн сарын дараа овоо орчиндоо дассан маань хэлний түвшинг дээшлүүлсэн ч англи хэлийг маань эрс сайжруулсан зүйл гэвэл миний залхуурал. 4-р ангийн зуны амралтаар би хөдөө цөлөгдсөн бөгөөд өглөө бүр эртлэн босож үнээ мал саах ажилд туслана гэхээр л нэг л уйтгартай байдаг байв. Тэгээд залхуу хүмүүс ажлаа хөнгөвчлөх арга хайдаг нь жам ёс тул би ч мөн бултах завшааныг эрсэн юм. Тэгж тэгж айхавтар ном уншаад байдаггүй ч ном цүнхэлж явдаг миний зуршил аминд орж тухайн үедээ л дуртай байсан “Бүрэнхий” гэх киноны зузаан англи ном нүдэнд тусав. Хөдөө ямар англи хэлний толь, интернет байх биш ойлгосон ойлгоогүй ажлаас зугтахын хүслэндээ номын царайлж үсгээр дүүрсэн тэр номыг дуржигнатал дахин дахин уншсан маань ажлаас ч чөлөөлж, хэтдээ ч намайг ном уншдаг болгож хөгжүүлсэн сонин түүхтэй.
Хиппо Олимпиадад хэрхэн бэлдэж оролцсон бэ?
Тухайн үедээ би 9-р ангийн сурагч байсан ба дүүргийн англи хэлний олимпиадын бэлтгэл гээд дүрмийн болоод эссэ бичлэг дээрээ төвлөрдөг байсан маань их тусалсан гэж боддог. Мөн Хиппогийн сайтаас өмнөх жилүүдийн материалуудыг авч үзэж байсан.
Хиппо Олимпиадад оролцсон сэтгэгдэл
Яагаад ч юм олимпиадын явцад материал нь өөр олимпиад уралдаануудаас содон, сонирхолтой асуулттай байсныг их тод санадаг юм. Харин олон улсын шатанд оролцсноор би шинэ найзуудтай болж, Англи хэлний хүмүүсийг нэгтгэдэг хүчийг маш ихээр ойлгосон билээ.
Олимпиадад оролцохоор бэлдэж буй сурагч нарт өгөх зөвлөгөө
Миний нэг харамсаж явдаг зүйл гэвэл би сүүлийн шатны эссэ болох “Чи нэг өдөр өөр хүн болж болох бол хэн байх байсан бэ?” гэдэг сэдэв дээрээ “Би “би” болмоор байна” гэх ухааны юм биччихсэн юм. Одоо хүртэл хааяа “Энгийнээр зүгээр Мадонна ч юм уу Элбэгдорж гээд биччихгүй яав даа.” гэж сэм сэмхэн боддог. Тиймээс хэт гүн бодоод байлгүй энгийн бөгөөд ойлгомжтой зүйл бичээрэй гэж хэлье. Яахав эссэний санаа маань сонин байсан болохоор эссэний шат дээрээ муу оноо авсан гэх баталгаа байхгүй шүү. Миний л бодол.