Хиппо 2017 оны аварга - С.Анулэн
Өөрийнхөө талаар танилцуулна уу.
Би “Хобби” сургуулийн 9 дүгээр ангид сурдаг. 5 дугаар ангидаа буюу 2016-2017 оны олимпиадад оролцож байсан. Би зураг зурах, бялуу, жигнэмэг хийх, зохиол унших, өөрөө бичиж зохиох, кино судлах дуртай.
Англи хэл сурсан, суралцаж буй арга барилаасаа хуваалцана уу.
Англи хэлийг сургуульд үзэхээс гадна гэртээ англи хэл дээр шоу нэвтрүүлэг, кино үзэж сурсан. Ингэснээр англиар ярих, ойлгох чадвар хөгжихийн хажуугаар дүрмийн мэдлэг мөн адил хөгждөг юм билээ. Аливаа хэлийг сонсож, мэдэрч, үг хэллэг, харилцан яриаг толгойндоо дахин дахин давтаж сурдаг гэж би бодож байна. Ном зохиол унших нь ч бас маш чухал. Англиар бодож эргэцүүлэхэд аливаа уран зохиол уншсан байх нь зайлшгүй хэрэгтэй.
Хиппо Олимпиадад хэрхэн бэлдэж оролцсон бэ?
Би ном зохиол уншиж, багшийнхаа өгсөн даалгавруудаа цаг тухайд нь хийж, алдсан зүйлээ асууж, цээжилдэг байсан. Олимпиадын үеэр тайван байж, сандрахгүй оролцохыг чухал гэж боддог тул би айж сандрахгүй байхыг хичээсэн.
Хиппо Олимпиадад оролцсон сэтгэгдэл
Hippo олимпиад бол надад өөрийгөө хөгжүүлэх маш том боломж байсан. Эцсийн шатанд оролцох хамгийн гоё байсан. Маш олон сонирхолтой хүмүүстэй танилцсан бөгөөд одоо хүртэл заримтай нь интернетээр харьцаж найзалсаар байна.
Олимпиадад оролцохоор бэлдэж буй сурагч нарт өгөх хувийн зөвлөгөө
Өөрийгөө чадахгүй гэж хэзээ ч битгий бодоорой. Тэгж бодох тусам амжилт гаргах боломжгүй. Тиймээс өөртөө итгэлтэй, сайн бэлдэж оролцоход л хангалттай. Айж сандрах хэрэггүй. Олимпиад бол тэмцээнээсээ илүү өөрийгөө сорьж, хөгжүүлэх боломж юм шүү.