ОЛИМПИАДЫН ТУХАЙ

"Хилээр Хязгаарлагдахгүй Англи хэл" уриатай тус олимпиад нь англи хэлний мэдлэгээ сорих эрмэлзэл бүхий сурагчдыг дэмжих, дэлхий дахинд тэдний үе тэнгийнхний харилцааг хөгжүүлэх, үүний тулд багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, залуу үеийнхний хооронд найрсаг харилцаа, нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгох эрхэм зорилго бүхий олон улсын олимпиад юм.

Жирийн болон олон улсын хөтөлбөртэй сургуулиудын 1-12-р ангийн бүх сурагчдад нээлттэй ба өөрийн хүсэлтээр оролцох боломжтой. Энэхүү олимпиадын материал нь Английн засгийн газрын харьяа OFQUAL хэмээх хяналт үнэлгээний байгууллагаар баталгаажуулсан англи хэлний ур чадварын түвшинг үнэлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны тест байдгаараа онцлог давуу талтай болно.

Хиппо Англи хэлний анхны олимпиад 2013 онд зохион байгуулагдаж байсан ба дэлхийн 6 орны нийт 5,000 гаруй сурагчид оролцож, сүүлийн шатанд 43 сурагч шалгарч байж. Харин 2023 оны Хиппо олимпиадад 60 гаруй орон нэгдэн 83,120 сурагч оролцох болсон ба Монгол улсаас 4413 сурагч оролцож Италийн Ром хотод зхион байгуулагдсан Дэлхийн финалд Хобби сургуулийн 6-р ангийн сурагч Т.Мишээл "Hippo S10' ангилалд мөнгөн медаль хүртэж хоёрдугаар байр эзэлсэн амжилт гаргаж байв.

2024 оны олимпиадад Монгол улсаас 5374 сурагч оролцож 11 сурагч Дэлхийн финалын шатанд, 75 сурагч Бүсийн шигшээ шатанд Монгол улсаа төлөөлөн оролцохоор тус тус шалгарч, Дэлхийн финалаас Орчлон сургуулийн сурагч Алтанхуяг овогтой Оюутгоо “Hippo S3“ ангилалд мөнгөн медаль, Хобби сургуулийн сурагч Наранбат овогтой Амин-Эрдэнэ "Hippo S2“ ангилалд хүрэл медаль, Орчлон сургуулийн сурагч Жанчивсэмбэ овогтой Сийлэн "Hippo S1“ ангилалд хүрэл медаль тус тус хүртэж, өндөр амжилт гаргасан.

Олимпиадыг Монгол Улсад зохион байгуулагч:

Ай И Ди Си байгууллага